ЭХС багш нар Амгалан Дулааны станцын технологи ажиллагаатай танилцлаа
battumur

   ЭХС болон Амгалан Дулааны станцын хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд 2023 оны 03-р сарын 29-ний өдөр Эрчим хүчний сургуулийг төлөөлөн Дулааны инженерийн салбарын эрхлэгч А.Түмэнбаяр, багш М.Нүүдэл, Х.Цолмон, зочин профессор Анастасия.И.Г, Цахилгаан техникийн салбарын ахлах багш, тус сургуулийн Багшийн хөгжлийн багийн ахлагч Т.Батгэрэл, чанарын менежер М.Ганхүлэг нар тус станцын технологи ажиллагаатай танилцаж, удирдлага, инженер техникийн ажилтнуудтай уулзалт хийж, цаашид станцын хувьд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор эрдэм шинжилгээ судалгаа, гэрээт ажлуудыг хамтран хийх хөгжүүлэх боломж мөн хамтран эхлүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал бодлоо солилцов. 

   Уулзалтын хүрээнд Амгалан Дулааны Станцын Нэгдсэн цехийн Хими ус бэлтгэлийн хэсэг, Зуухан цехээр орж, үндсэн технологи ажиллагаатай танилцаж, санал солилцлоо.

 

   Амгалан Дулааны станцын талаас ЭХС-ийн багш нар болон бусад бүрэлдэхүүн сургуулийн холбогдох мэргэжлийн судлаач багш нартай хамтран ажиллах дараах хүсэлтүүдийг гаргалаа.

  1. Шаталтаас үүсэн уутат үнс баригчид баригдсан дэгдэмхий үнсийг дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийн судалгаа
  2.  Станцын 116 МВт-ын өргөтгөлийн төсөлтэй холбоотойгоор Ус бэлтгэлийн хэсгийн  ялтсан дулаан солилцуурын аппаратын хүчин чадлыг нэмэгдүүлэх тооцоолол хийх 
  3. Амгалан Дулааны станцын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулах болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан дулаарлыг багасгахад хувь нэмрээ оруулах зорилготойгоор гэрэлтүүлэг болон зарим жижиг хэрэглэгчдийг сэргээгдэх эрчим хүч ашиглан хангах судалгаа
  4. Хяналт удирдлагын системийг шинэчлэх болон программ хангамжийн судалгаа зэрэг асуудлуудыг дэвшүүлж цаашид дээрх чиглэл бүрээр хамтран ажиллахаар холбогдох мэргэжлийн багш тохиролцлоо.