Эрдэм шинжилгээ инновацийн алба

Тус сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацийн алба нь 2011 оны 9 сард анх байгуулагдсан. Тус алба нь дараах чиглэлүүдээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Эрдэм шинжилгээ, инновацийг хөгжүүлэх. 

ЭХИС-ийн профессор, багш, оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цар хүрээг өргөтгөх, тэдгээрийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинээр судалгааны ажил хийх сонирхолтой оюутнууд, багш нарын идэвхи санаачлагыг өрнүүлж тэдэнд дэмжлэг үзүүлэх, эрчим хүчний салбарын үйлдвэр албан газруудтай аж ахуйн гэрээт ажил, улсын болон байгууллагын төсөвт судалгааны ажлууд, инновацийн төслүүд гүйцэтгэх чиглэлээр жил, улирлаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн профессорын багуудаас зохион байгуулдаг семинарын нэгдсэн хуваарь гарган тогтмолжуулж профессорын баг дээр хийгдэж буй эрдэм судлалын ажлуудыг олонд нээлттэй болгоход анхаарал хандуулж байна.

  • Ахисан түвшний сургалтын талаар 

Эрчим хүчний чиглэлээр магистр, докторын сургалтыг зохион байгуулж, суралцагсдын судалгаа, туршилт хийх эрдэм шинжилгээ-судалгааны иж бүрэн лаборатори байгуулах төслийг хэрэгжүүлж эхний үр дүнгүүд гарч байна. Үүнээс гадна үйлдвэрлэлд ажиллаж буй инженерүүдийн давтан сургалтыг салбарын байгууллагуудын захиалгаар болон сургуулиас тодорхой хуваарь гарган тогтмол явуулж хэвшсэн. Эрчим хүчний яамтай хамтран эрчим хүчний салбарын мэргэшсэн, зөвлөх инженерүүд, салбарын төсөвчний сургалт явуулах гол төв нь манай сургууль болж байгаа тул эдгээр сургалтыг зохион байгуулж байна.

  •  Гадаад хамтын ажиллагаа

ОХУ, ХБНГУ, БНХАУ, Австрали, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа улам үргэлжлүүлж, хамтарсан эрдэм шинжилгээний хурал семинарыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд тус сургуулиудад залуу багш нарыг докторын сургалтанд хамруулах талаар ихээхэн анхаарал хандуулж, техник, технологийн орчин үеийн дэвшлийг монголд нутагшуулах ажлыг зохион байгуулж одоогоор нийт 7 багш гадаадын сургуулиудад докторын сургалтанд хамрагдаж байна.

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт IT баг.